Thursday, April 28, 2011

АНИРГҮЙ ТЕАТР

Чшшш, чимээгүй! Тэд тайзан дээр аниргүйг тунхаглаж байна. Үг бол хамгийн хүчтэй зэвсэг. Гэхдээ чимээгүй байх нь ихийг өгүүлэх тохиолдол ч бий. Заримдаа бүдгэрэх нь тэр хүнийг улам бүр тодотгодог гэдэг шиг. Ингээд аниргүй театрын хэлгүй жүжигчдийг хүлээн авна уу.


"Түүх эхэлсэн цэг"
Эртний Грек хэлний "Pantomimus" хэмээх үг даган дуурайх гэсэн утгатай. Харц ардаас эхлээд хаад ноёдыг элэглэдэг жүжигчдийн бүлэг Ромын эзэнт гүрний үед үүссэн бөгөөд тэднийг бүхнийг дуурайгч буюу пантомимо хэмээн нэрлэдэг байж. Нийгмийн завхрал, ёс суртахууны доройтол, хоёр нүүр гаргагчдыг элэглэхдээ тэд үгийг бус үйл хөдлөл, нүүрний хувирлыг сонгосон байна. Тухайн жүжгийн үйл явдал, агуулгад тохируулан жүжигчид нүүрээ буддаг онцлогтой. Зарим нэг нь тэдний жүжгээс өөрсдийгөө олж хардаг байсан биз. Гэхдээ ихэнх хүн пантомимо жүжигчдийг алиалагчийн дүрээр хүлээн авч байв. Хэрвээ тэд үзэл бодлоо үгээр илэрхийлсэн бол жүжиг нь төд удалгүй хаагдах байсан тухай судлаачид тэмдэглэсэн нь бий. Үнэн үгэнд үхэр өшөөтэй гэдэг байх аа. Пантомимо хүчээ авч, хүмүүс ид үздэг болоход жүжиг уналтанд оржээ. Болохгүй, бүтэхгүй бүхний эсрэг тэмцэх анхны зорилгоосоо хазайн жирийн шог үзэгдлийн хэмжээнд хүрчээ. Сүүлдээ пантомимо садар самууныг ч сурталчилах болов. Энэ шалтгаанаар пантомимог хориглох шийдвэрийг Ромын эзэнт гүрний анхны удирдагч Август Цезарь гаргасан аж. Гэвч сурсныг сураар байтугай цаазаар ч боож болох биш. Пантомимочууд нууцаар жүжгээ тавьсаар байсан.

"Салаа, мөчрүүд "   
Урлаг судлаачид пантомимог агуулгаас нь хамааруулан дөрвөн төрөлд ангилж үздэг.

Тариачны пантомимо:
Хөдөөгийн эгэл бор амьдрал, тариачдын зовлон зүдүүрийг харуулсан жүжгийг энэ төрөлд хамааруулдаг. Үйл явдал нь мэдээж тосгонд өрнөнө. Сайхан сэтгэлтэй ч ядуу залуу гол баатар нь бөгөөд газрын эзний охинд дурлана. Энэ нөхцөл байдал хожим уран зохиол, киноны мөнхийн сэдэв болсон гэхэд хилсдэхгүй.

Мело пантомимо:
Мелодрам буюу уянгын халилтай жүжиг. Хайр сэтгэл, гэр бүлийн асуудал, залуу хосуудын сэдвээр дамжуулан тухайн нийгэм, цаг үеийн байдлыг тусгадаг онцлогтой.

Реалист пантомимо:
Ихэнх нь пантомимод бодит байдлыг шогчлон харуулдаг ч уг төрөл тэдгээр асуудлыг хамгийн хурц тавьдгаараа ялгардаг. Нийгмийн ялзрал, хүмүүсийн болхи, бүдүүлгийг харгисаар үзүүлдэг аж. Аллага, гэмт үйлдлийг үзүүлдэг цорын ганц төрөл нь энэ.

Үлгэрийн  пантомимо:
Уг театрын хамгийн гэм хоргүй төрөл. Хүүхдийн пантомимо гэж нэрлэгдэх нь ч бий.

"Пантомимо бол нууц"
Анир чимээгүйгээс юу сонсож болох вэ? Пантомимо жүжигчдийн нүүрний хувирал, үйл хөдлөлийг хэрхэн тайлах вэ? Эл төрлийн жүжиг учир битүүлэг атлаа гүн утгыг илэрхийлдэг учраас жүжгийн зохиолч "пантомимо бол нууц" хэмээн хэлсэн биз. Нууц үргэлж сонирхол татаж байдаг хойно пантомимо ч байсаар байх биз. Нууцыг тайлах уу?



Tuesday, April 19, 2011

THE VAGINA MONOLOGUES

Eve Ensler
Ийв Энслер нь жүжгийн зохиолч, жүжигчин, хүний эрхийн төлөө тэмцэгч, феминист эмэгтэй юм. Тэрээр 1953 онд Нью Йорк хотод төржээ. Түүний хамгийн алдартай бүтээлүүдийн нэг нь The Vagina Monologues жүжиг бөгөөд уг жүжгээ 1996 онд бичиж Гринвичийн Корнелиа Стрийт кафед анх тоглосон. 1998 оноос Энслер эмэгтэйчүүдийн хүчирхийллийн эсрэг ашгийн төлөө бус V-Day олон улсын хөдөлгөөнтэй хамтран ажиллах болсноор The Vagina Monologues жүжиг нь уг хөдөлгөөний чухал хэсэг болсон юм.
Ийв Энслер зохиолч төдийгүй хүний эрхийн төлөө идэвхтэй тэмцэгч юм. Ийв жүжгийн зохиолд олгодог нэр хүндтэй шагнал Гугенхаймын Феллофшип болон The Vagina Monologues жүжгээрээ Obie awards зэрэг нэр хүндтэй шагналууд хүртэж байсан бөгөөд Харвард Кеннэдигийн сургуулиас "Шилдэг Лидер" болон 2010 онд Good Housekeeping сэтгүүлээс "Дэлхийг өөрчилсөн 125 эмэгтэй"-н нэгээр нэрлэгдсэн байна.

The Vagina Monologues 
Зохиолч Ийв Энслерийн The Vagina Monologues буюу Үтрээний хүүрнэл бүтээл нь The New York Times сэтгүүлээс "хөгжилтэй" бөгөөд "зүрх шимшрүүлэм", Daily News сониноос "оюунлаг" бөгөөд "эрэлхэг зоригтой" хэмээн өргөмжлөгдсөн юм.
Энэ бүтээл эмэгтэйчүүдийн амсаж туулсан учир битүүлэг, хөгжилтэй, шаналал зовиуртай, хүчтэй, ухаалаг, жигшиж, зэвүүцмээр, сэтгэл догдлуулсан үйл  явдлуудын гүнд үзэгчдийг аваачдаг.
 The Vagina Monologues буюу Үтрээний хүүрнэл жүжиг нь бие даасан богино хүүрнэлүүдээс бүрдэх ба V-Day хөдөлгөөний нэг хэсэг болсноос хойш жил бүр зохиолч шинэ хүүрнэлийг онцгойлон нэмж тухайн оны Үтрээний хүүрнэлд оруулдаг болсон.
Хатагтай Энслер дэлхий даяар уг жүжгийг тоглож асар их магтаал, сайшаал хүртсэн юм. Мөн энэхүү бүтээлд хүчирхийллийн эсрэг үйл ажиллагааг дэмжин Oprah Winfrey, Jennifer Hudson, Salma Hayek, Cate Blanchett, Whoopi Goldberg, Jane Fonda, Calista Flockhart, Winona Ryder, Alanis Morissette, Rosario Dawson, Kerry Washington, Faith Hill зэрэг дуучин, жүжигчин, хөтлөгч гээд олон алдартай эмэгтэйчүүд оролцон тоглосон бөгөөд жилээс жилд энэ үйл ажиллагааг дэмжих хүмүүсийн тоо нэмэгдсээр байна.







Monday, April 11, 2011

Сэтгэгдэл - 1

Ойрдоо сэтгэл санаа их тогтворгүй хэцүү байлаа. Гадаа ч гэсэн заримдаа дулаахан заримдаа сэрүүхэн салхитай салхигүй. Ганцаардах юм бол нэг л хоосон санагдаад уйлчихна. Ядаж mp минь байхгүй байсан болохоор бүүр их ганцаардлаа. Тэгээд ганцаардаж зовохгүйн тулд унтах гэж хичээх юм. Бүр ямар нэгэн бодохгүй яагаад ганц ч хором байж болдоггүй юм болоо гэж бодоод дахиал ямар нэгэн бодлууд ар араасаа бодогдоод. Хайртай хүнээсээ салахад ийм хэцүү байдаг гэж бодсонгүй ээ. Надаас тэр минь салаад явлаа гэхэд би тэр хүнд үргэлж санаа зовсон хэвээрээ даарч байгаа болов уу? өлсөж, цангаж байгаа болов уу? хэн нэгэн гомдоовол яанаа над шиг энэ хүнийг хайрлаж чадах хүн байгаа болов уу? гэж бодоод өөрийгөө улам хэцүү байдалд оруулчихаад тэр байдлаасаа гарах гэж тэр минь их ухаалаг, царайлаг болохоор өөр хэн нэгэн сайн хүнтэй таараад аз жаргалтай байна гэсэн бодлоор өөрийгөө хуурна. Өнгөрсөн амьдралаа бас харж үзлээ түүнтэй өнгөрүүлсэн өдөр бүхэн сайхан дурсамжийг дагуулдаг юм байна лээ. Тийм болохоор миний амьдралтай тэр чигтээ холбоотой болчихсон байна. Гадуур алхсан ч, кино үзсэн ч, хоол идсэн ч ер юу ч хийсэн түүнтэйгээ хамт хийдэг байсан болохоор одоо надад хэцүү байсан. тэгээд бас юу ч хийж болохгүй юм шиг санагдсан. Ингээд бодоход салах гэдэг нь надад хэцүү байсан ч энэ зовлон шаналал нь хэдхэн хоног үргэлжлээл тэрний дараа зүгээр болчихно гэж бодсон. магадгүй өнөөдөр хэцүү байсан ч салсан нь хэн хэндээ дээр юм шиг. Гэхдээ хоёулаа хоёр талд ингээд шаналаад суухийн оронд уулзаж ярилцаад асуудлыг нэг тийш нь шийдсэн нь дээр гэж үзээд нэг цэцэрлэгт сууж сэтгэлээ хэн хэндээ нээлээ. Хүн ер нь нээлттэй сэтгэлээ нээж ярих нь хэн хэнийгээ ойлгох чухал үйлдэл юм байна лээ. Тэгээд яагаад салий гэж бодсон яг одоо ямар байгаа гээд бүхий л асуудлаа ярьж үзээд бүх зүйлийг шинээр эхлэхээр шийдсэн. Эхэндээ салсан нь дээр гэж бодсон ч хайрынхаа ухаанлаг үгүүдийг сонсож түүнийхээ зөөлөн царайг хараад бодол минь өөрчлөгдсөн ч юм шиг. Одоо надад их гоё байнаа би түүндээ хайртайгаа бас тэр минь надад ямар их хайртайг улам хүчтэй мэдэрсэн. Шинэ долоо хонгийн эхний өдөр бүх зүйл шинээр эхэлж байгаа мэт санагдаад байна. Би түүнийгээ одоо алдаж болохгүй гэдгээ ойлгосон бид хоёр бие биенээсээ хамааралтай нэг цогц юм байна. Хос зүрх тулж ирсэн саад болгоныг даваад цааш эцсээ хүртэл аялахаа бие биедээ цохилтоороо амласан. Зүрхний минь цохилт зогсох мөчид л аялал минь зогсоно...