Thursday, April 28, 2011

АНИРГҮЙ ТЕАТР

Чшшш, чимээгүй! Тэд тайзан дээр аниргүйг тунхаглаж байна. Үг бол хамгийн хүчтэй зэвсэг. Гэхдээ чимээгүй байх нь ихийг өгүүлэх тохиолдол ч бий. Заримдаа бүдгэрэх нь тэр хүнийг улам бүр тодотгодог гэдэг шиг. Ингээд аниргүй театрын хэлгүй жүжигчдийг хүлээн авна уу.


"Түүх эхэлсэн цэг"
Эртний Грек хэлний "Pantomimus" хэмээх үг даган дуурайх гэсэн утгатай. Харц ардаас эхлээд хаад ноёдыг элэглэдэг жүжигчдийн бүлэг Ромын эзэнт гүрний үед үүссэн бөгөөд тэднийг бүхнийг дуурайгч буюу пантомимо хэмээн нэрлэдэг байж. Нийгмийн завхрал, ёс суртахууны доройтол, хоёр нүүр гаргагчдыг элэглэхдээ тэд үгийг бус үйл хөдлөл, нүүрний хувирлыг сонгосон байна. Тухайн жүжгийн үйл явдал, агуулгад тохируулан жүжигчид нүүрээ буддаг онцлогтой. Зарим нэг нь тэдний жүжгээс өөрсдийгөө олж хардаг байсан биз. Гэхдээ ихэнх хүн пантомимо жүжигчдийг алиалагчийн дүрээр хүлээн авч байв. Хэрвээ тэд үзэл бодлоо үгээр илэрхийлсэн бол жүжиг нь төд удалгүй хаагдах байсан тухай судлаачид тэмдэглэсэн нь бий. Үнэн үгэнд үхэр өшөөтэй гэдэг байх аа. Пантомимо хүчээ авч, хүмүүс ид үздэг болоход жүжиг уналтанд оржээ. Болохгүй, бүтэхгүй бүхний эсрэг тэмцэх анхны зорилгоосоо хазайн жирийн шог үзэгдлийн хэмжээнд хүрчээ. Сүүлдээ пантомимо садар самууныг ч сурталчилах болов. Энэ шалтгаанаар пантомимог хориглох шийдвэрийг Ромын эзэнт гүрний анхны удирдагч Август Цезарь гаргасан аж. Гэвч сурсныг сураар байтугай цаазаар ч боож болох биш. Пантомимочууд нууцаар жүжгээ тавьсаар байсан.

"Салаа, мөчрүүд "   
Урлаг судлаачид пантомимог агуулгаас нь хамааруулан дөрвөн төрөлд ангилж үздэг.

Тариачны пантомимо:
Хөдөөгийн эгэл бор амьдрал, тариачдын зовлон зүдүүрийг харуулсан жүжгийг энэ төрөлд хамааруулдаг. Үйл явдал нь мэдээж тосгонд өрнөнө. Сайхан сэтгэлтэй ч ядуу залуу гол баатар нь бөгөөд газрын эзний охинд дурлана. Энэ нөхцөл байдал хожим уран зохиол, киноны мөнхийн сэдэв болсон гэхэд хилсдэхгүй.

Мело пантомимо:
Мелодрам буюу уянгын халилтай жүжиг. Хайр сэтгэл, гэр бүлийн асуудал, залуу хосуудын сэдвээр дамжуулан тухайн нийгэм, цаг үеийн байдлыг тусгадаг онцлогтой.

Реалист пантомимо:
Ихэнх нь пантомимод бодит байдлыг шогчлон харуулдаг ч уг төрөл тэдгээр асуудлыг хамгийн хурц тавьдгаараа ялгардаг. Нийгмийн ялзрал, хүмүүсийн болхи, бүдүүлгийг харгисаар үзүүлдэг аж. Аллага, гэмт үйлдлийг үзүүлдэг цорын ганц төрөл нь энэ.

Үлгэрийн  пантомимо:
Уг театрын хамгийн гэм хоргүй төрөл. Хүүхдийн пантомимо гэж нэрлэгдэх нь ч бий.

"Пантомимо бол нууц"
Анир чимээгүйгээс юу сонсож болох вэ? Пантомимо жүжигчдийн нүүрний хувирал, үйл хөдлөлийг хэрхэн тайлах вэ? Эл төрлийн жүжиг учир битүүлэг атлаа гүн утгыг илэрхийлдэг учраас жүжгийн зохиолч "пантомимо бол нууц" хэмээн хэлсэн биз. Нууц үргэлж сонирхол татаж байдаг хойно пантомимо ч байсаар байх биз. Нууцыг тайлах уу?



No comments:

Post a Comment