Sunday, May 8, 2011

Надад хэцүү байна...

Надад хэцүү байна. Хайртай хүнээсээ салахын зовлон ямар аймшигтай байдаг юм бэ? Би түүнийгээ санаад байна ш дээ. Дандаа хамтдаа жаргалтай байдаг байсан болохоор одоо ганцаараа цаашдаа амьдрана гэж бодохоор амьсгалж чадахгүй болчих юм. Өглөө амьд сэрч, амьдрахын төлөө хийх үйлдэл бүхний минь утга учир чи минь байж дээ. Өчигдөр бараг унтаж чадсангүй элдвийн л юм бодогдож хонолоо. Хамтдаа байхад ямар гоё байсан юм бэ? Маш олон дүр зураг нүдний өмнөөр ээлжилж байна. Чиний инээсэн, уурласан, баярласан, гомдсон гээд бүхий л дүр зураг. Бас гэр орон, гадаа гудамж, кино театр, хоолны газар, цэцэрлэгт хүрээлэн, паб, буудал, амралтын газар, парти гээд мэдэхгүй ээ маш олон...  Гэхдээ хамгийн гоё нь энэ зургууд дээр хоёулаа дандаа хамтдаа эрх чөлөөтэй, юу ч бодохгүй, аз жаргалтай байна. Надад хэцүү байна. Уйлан байж хэдэн үгийг сэтгэлээсээ зөөж гаргаж ядна. Хүн бүхэн чи бид хоёрыг хараад сайхан хосууд гэж дуу алддаг байсан. Зарим нь бүр атаархаж, суралцаж байж. Чи бид хоёр үлгэр жишээ сайхан хосууд байж дээ. Хоёуланд нь хос олон гоё юм байдаг байж дээ. Хос цаг, хос бөгж, хос гинж, хос цамц, хос футболк, хос дугаар гээд маш олон. Гэхдээ хамгийн гол нь хос зүрх, хос сэтгэл, хос мөрөөдөл байж. Би чамайгаа санаад байна...

Анир талын салхи нь цэцгээ үнсээд хийслээ
Алчуур дүүрэн нулимс энгэрт эмтрээд болохгүйнээ
Намар намрын шувууд нуураа тойроод буцлаа
Нууцхан уйлдаг сэтгэл шувуудаа дагаад үймэрлээ
Дэндүү их саналаа чамайгаа
Дэлхийгээ гандааж саналаа
Намар намрын борооноор
Уйлан байж чамайгаа саналаа

Дэлхийгээ гандааж саналаа... Ямар аймар үг вэ? Чамайг надаас явсан болохоор дэлхий хүртэл гандчих шиг л боллоо. Надад ямар ч зүйл өнгөгүй харагдаж, ямар ч зүйл аниргүй мэт болчихжээ. Сүүлд чиний минь сонсогсон дууны үг ч гэсэн надад одоо маш хүчтэй сэтгэгдэл төрүүлж байна.

Өөр хэнд ч сөгнөөгүй тийм их хайраар
Өр зүрхэндээ чамайг би хайрлаж явсан
Дуу шиг амьдралын дарсанд согтож
Дурлалынхаа хөлд бүхнийг золиосолж байсан

Ертөнцөд учрахгүй ерөөлт их хайраар
Ер бусын чамайг би хайрлаж явсан
Зүүд шиг амьдралын мананд хөглөгдөж
Зүрхнийхээ гүнд орчлонг багтааж байсан

Зөвхөн тэр хайрандаа үнэн ч үлдэхийн төлөө
Зөнгөөрөө өөртөө ч би үрэлгэн хандсан
Хайрт минь энэ миний буруу юу
Харалган явсан чиний буруу юу

Мандах нар шиг гэгээн их хайраар
Маргад эрдэнийн чамайг би хайрлаж явсан
Уул шиг амьдралын сүрэнд дарагдаж
Улаан гал шиг уруул минь шатаж байсан

Энэ миний дурлал зүрнээс минь унадарч
Эзэгнэж байсан чиний зүрхэнд шингэсэн
Сэрүүхэн үдэш саран жаргахад
Сэтгэлийн нулимс орчлонд үерлэж байсан

Зөвхөн тэр хайрандаа үнэн ч үлдэхийн төлөө
Зөнгөөрөө өөртөө ч би үрэлгэн хандсан
Хайрт минь энэ миний буруу юу
Харалган явсан чиний буруу юу

Одоо надад итгэл алга, урам алга, утга ч алга.. Зүрх минь мөс, сэтгэл минь хад болчихлоо. Санах тоолонд, урсах нулимс бүхэнд надад бүр хэцүү болж байна. Хайраа би чамдаа хязгааргүй их хайртай.....

No comments:

Post a Comment